/ / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВАГДАВ.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВАГДАВ.

Тус цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 257 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09:00-17:00 цагийн хугацаанд цагдаагийн газрын гаднах талбайд зохион байгуулж иргэд олон нийтэд нээлттэй нэг цэгийн үйлчилгээ, үйл ажиллагааг хүргэж ажиллав.

Өдөрлөгийн арга хэмжээнд урилгаар Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч, аймгийн тамгын газрын Хуулийн зүйн хэлтэс, Прокурор, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний алба, Тахар, Татварын хэлтсийн дарга нар болон бусад хууль, хяналт, төр захиргаа, мэргэжлийн байгууллагын дарга, удирдлагууд хүрэлцэн ирж, нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын албан хаагчдын ёслолын жагсаал, урлагийн болон тусгай бүлгийн үзүүлэх тоглолт, улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн “Зохицуулагч” багийн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээний шилдэг мэндчилгээ, замын хөдөлгөөний сургалтын талбай дахь ЕБ-ын 1-р сургуулийн сурагчидтай хамтарсан “Ногоон гэрэл-цагаан шугам” үзүүлбэр, сургалт зэргийг зочид, төлөөлөгчид, иргэд олон нийтэд үзүүлж, толилуулахын зэрэгцээ цагдаагийн байгууллагад ашиглаж буй машин, техник, зэвсэг, тусгай хэрэгсэл, хувцас формыг биетээр болон үзүүлэн байдлаар дэлгэн сурталчилав.  

Өдөрлөг арга хэмжээнд 500 гаруй иргэн хамрагдсанаас 114 иргэнд ганцаарчлан /биечлэн/ хууль эрхзүйн болон холбогдох бусад асуудлаар зөвлөмж мэдээлэл өгч, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээтэй холбоотой 12 асуулт , санал, хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр хүлээн авч , 8-ыг газар дээр нь хариулж, тайлбарлан, 4-ийг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн, шийдвэрлэж, хариуг хуулийн хугацаанд өгөхөөр ажлын төлөвлөгөө гарган, алба хаагчдад чиглэлээр нь хувиарлан ажиллаж байна.

Өдөрлөгийн үеэр 154 иргэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагааг гарган өгч, тээврийн хэрэгсэл жолоодох хуучин үнэмлэхээ солиулсан, нөхөн авсан 86 иргэний эрхийн үнэмлэхийг нөхөн олгосон.

 Мөн “Иргэн таны төлөө” ТББ-тай хамтран сургалтыг зохион байгуулж, эрх сэргээх шалгалт авч тэнцсэн 10 хүний материал болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ үрэгдүүлж, гээгдүүлсэн 64 иргэний материал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан 13 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх материалыг тус тус хүлээн авч ЦЕГ-ын Лицензийн төвд хүргүүлсэн. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна