/ / Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

 

ТАНИЛЦУУЛГА

 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

 

Нэг.Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар

          Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.

          Дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил одоог хүртэл бүрэн хангагдаагүй байна. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хууль, бусад хуулиуд[1], зохих дүрэм, журам, зааврууд батлагдаагүй, энэ хуулийг хэрэгжүүлэх алба хаагчдад зориулсан сургалт болон хуулийн үзэл баримтлал, агуулгыг олон нийтэд таниулах сурталчилгааны ажлууд бүрэн хийгдээгүй, мөн зарим төрлийн ялыг хэрэгжүүлэх эдийн засаг, дэд бүтэц, техникийн нөхцөл бүрдээгүй зэрэг үндэслэлээр Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.

                    Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, "ялтай байдал", “онц аюултай гэмт хэрэгтэн”, “давтан” гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нилээд туссан.

 Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

             Хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тоон мэдээлэл болон эрдэмтэн, судлаачид, иргэд, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэснээс гадна ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтэдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг судлан үзэж дараахь нэмэлт, өөрчлөлтүүдийг хийхээр тусгалаа. Үүнд:  

 -       Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Эрүүгийн хариуцлага” гэх нэр томьёог хасч, үүний оронд “ял, албадлагын арга хэмжээ” гэх эрүүгийн хариуцлагын хоёр бие даасан институцийг тус тусад нь тодорхойлсон нь эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчимд нийцээгүй, эдгээрийг харилцан уялдаатай нэг зорилтын дор хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахаар байх тул эрүүгийн хариуцлага  гэх ойлголтыг нэмж, үүнд ял, албадлагын арга хэмжээг хамруулахаар тусгасан.

 Мөн гэмт хэргийн тодорхойлолтод гэмт хэргийн салшгүй, заавал байх, бусад зөрчлөөс ялгагдах шинж болох “нийгэмд аюултай” шинжийг хассан нь ямар ч төрлийн зөрчлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан л бол гэмт хэрэг гэж үзэх буруу чиг хандлагыг тогтоосон байх тул гэмт хэргийн тухай ойлголтод уг шинжийг нэмж тусгалаа.

 -       Эрүүгийн хуульд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд байсан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг хассан.  

 Эрүүгийн хуулиар урьд өмнө аливаа хууль бус үйлдлийг хохирлын хэмжээгээр нь зааглаж захиргааны зөрчил болон эрүүгийн гэмт хэргийг ялган заагладаг зохицуулалтыг халж хохирлын хэмжээгээр бус нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанараар нь зааглан гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэвч эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор байгаа нь гэмт хэргийн тоог хиймлээр өсгөх, ялимгүй үйлдлийг ч гэмт хэрэгт тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөлийг үүсгэсэн байна.

 Иймд гэмт хэрэг болон зөрчлийг ялгамжтай авч үзэх, гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлэх зорилгоор гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэхээр тусгалаа.

 -       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.”, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хохирол, хор уршиг учруулахгүй байх талаар хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсан бол эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заасан ба тусгай ангийн  10.6, 11.5, 15.1, 16.7 зэрэг хэсгүүдэд “гэрээ хэлцэл, захиргааны хэм хэмжээний актаар” үүрэг хүлээсэн хүн уг үүргээ биелүүлээгүйн улмаас аливаа хохирол, хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 Энэ нь “эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болохгүй” гэх эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчимтай нийцэхгүй байх ба Эрүүгийн хуулиар тогтоосон хоригийн хүрээг тэлж, зөвхөн Эрүүгийн хуулиар гэмт хэргийг тодорхойлж хариуцлага хүлээлгэх хууль ёсны зарчмыг гажуудуулсан гэх үндэслэлтэй байх тул дээр дурьдсан ерөнхий ангийн зохицуулалтуудыг хасаж, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгүүдэд өөрчлөлт оруулсан.

 -       Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна.” гэж заасан.

 Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нь шудрага ёсыг бэхжүүлэх, эрүүгийн хуулийн зорилтыг хангах, зохион байгуулалттай гэмт хэргийг саармагжуулах, тэдгээртэй тэмцэхэд томоохон ач холбогдолтой юм. Гэвч хуулийн дээр дурдсан зохицуулалтаар хуулийн этгээдийг ашиглан, түүгээр дамжуулан гэмт санаагаа хэрэгжүүлсэн хувь хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль, шудрага ёсны зарчимд нийцэхгүйгээр зогсохгүй гэмт хэрэг үйлдсэн хүн эрүүгийн хариуцлагаас боломж нөхцөлийг бүрдүүлжээ.

 Аливаа хийдэл, зөрчлийг арилгах, хууль хүн, хуулийн этгээд бүрт тэгш шудрагаар үйлчлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн хүн, хуулийн этгээдийн аль алинд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх, ингэхдээ нэгэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь нөгөөг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохооргүйгээр тусгалаа.

 Түүнчлэн Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагын шинэчилсэн 40 зөвлөмжид ч хуулийн этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг тусгахдаа хэт өргөн хүрээг хамруулсан нь бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамт, шахалтыг нэмэгдүүлэх төдийгүй, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь манай улсын мөнгө угаах гэмт хэрэг, терроризмтай тэмцэх чадавхийг сулруулах үр дагавартай, олон улсын практикт огт байдаггүй төдийгүй эрүүгийн бодлогын хувьд ч оновчтой бус зохицуулалт гэсэн байна. Иймд хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх зорилгоор уг зохицуулалтыг зайлшгүй өөрчлөн найруулах шаардлага бий болсон.

 -       Түүнчлэн Эрүүгийн хуульд авлигын гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалт ороогүй байгаа нь учир дутагдалтай байна.  Авлигын гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө /тендер авах, тусгай зөвшөөрөл авах гэх мэт/ үйлдэх нь түгээмэл байдаг тул эдгээр гэмт хэргүүдэд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 -       Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагад ч албадлагын арга хэмжээ хэрэглэх, татан буулгах “ял” оногдуулах боломжтой, мөн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдсан нөхцөлд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх тул  төрийн байгууллага, хуульд зааснаар үүсгэн байгуулагддаг нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх, гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг хуулийн этгээдийн нэгэн адил авч үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг нэмсэн.

 -       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгээр гэмт хэрэг хамтран үйлдэх хэлбэрүүдийг тодорхойлон, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тусгайлсан зохицуулалтыг тусгажээ. Бүлгийн нэрийг “гэмт хэрэг хамтран үйлдэх” гэж тодорхойлон “хатгагч”, “хамжигч”, “зохион байгуулагч” нарыг мөн адил гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээд хэмээн тодорхойлсон нь учир дутагдалтай байна. 

 Учир нь “гэмт хэрэгт хамтран оролцогч” нь  “хатгагч”, “хамжигч”, “зохион байгуулагч” байх учиртай бөгөөд “гэмт хэрэг хамтран үйлдэх” гэдэг нь хамтран гүйцэтгэсэн хэлбэрийг илэрхийлэх юм. Энэ тохиолдолд гэмт хэрэгт оролцогч нарын үүрэг, оролцооноос үл хамааран бүгд гэмт хэргийн хамтран “гүйцэтгэгч” нар мэтээр ойлгогдож байгааг залруулах зорилгоор бүлгийн нэрийг өөрчлөн найруулж, уг бүлгийн холбогдох зохицуулалтыг уялдуулан өөрчилсөн.

 Түүнчлэн, мөн бүлгийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцно.” гэсэн нь эрүүгийн эрх зүйн нийтлэг онол төдийгүй уг хуулийн доторхи бусад зохицуулалттай зөрчилдөж байна. Учир нь уг зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсноор “...гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран үйлдэх гэнэ.” гэж эрүүгийн эрх зүйн онолын хувьд зөв тодорхойлсон боловч, 3 дахь хэсгээр “үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцно.” гэж гэм буруугийн аливаа хэлбэр заагаагүй тодорхойлсон нь дутагдалтай буюу уг хуулийн 1 дэх хэсгийн зохицуулалттай зөрчилдөж байгаа юм.

 Мөн зүйлийн 3 дахь хэсгээр бол болгоомжгүй гэмт хэрэгт ч гэм буруугүйгээр “үйлдлээрээ нэгдсэнээр” хамтран оролцох, эрүүгийн хариуцлагыг оногдуулах боломж үүсгэж байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нь зөвхөн санаатай гэмт хэрэгт л хамаарах институц гэх тогтсон зарчимтай зөрчилдөж байх тул уг хэсгийг өөрчлөн найруулсан.

 -       Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар гэмт этгээд өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилсэн, хуулийн байгууллагад нээдттэй, ил тод байгаа эсхүл хэрэг хянан шалгах явцад тогтоогдох зүйлсийн талаар хамтарч ажилласнаар ялаа хөнгөрүүлэх зохицуулалттай байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг эрчимжүүлэх хангалттай механизмыг бүрдүүлээгүй байна.

 Иймд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг идэвхжүүлэх, илүү үр дүнтэй болгох зорилгоор хэрэв зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн, эсхүл гэмт хэргийг хэн нэгэнтэй хамтран үйлдсэн этгээд гэмт хэргийн бусад оролцогч нарын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.

 -       Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах нөхцөлд “хохирогчтой эвлэрсэн” байхыг шаардсан зохицуулалтыг тусгасан байна.

 Ялаас чөлөөлөх, түүнийг хөнгөрүүлэх эсэх нь гэм буруугаа ухамсарлах, гэмших, учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив хандлагаас хамаарах байтал “хохирогчтой эвлэрсэн” байхыг шаардсан нь уг эрүүгийн эрх зүйн нөлөөллийн уг арга хэрэгслийн ач холбогдлыг бууруулж хохирогчийн субъектив хандлагаас хамааран “ял наймаалцах”, гэмт хэрэг үйлдсэн хүнд дарамт шахалт үзүүлэх, төрөл бүрийн нөхцөл тулгах боломжийг бүрдүүлсэн байх тул уг нөхцөлийг хассан.

 -       Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн ангиллыг халж, ямар нэгэн ангилалгүй, ангилан авч үзэх зайлшгүй шаардлагатай зохицуулалтыг оногдуулах хорих ялын хэмжээ, хязгаараар нь тодорхойлж заасан нь хууль хэрэглэхэд төвөгтэй, хэт олон зүйл хэсэгт хорих ялын хэмжээ тус бүрийг бичих, цаашлаад эрүүгийн байцаан шийтгэх хуулийг боловсруулах, хэрэглэхэд ч учир дутагдалтай нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

         Гэмт хэргийн ангилал нь гэмт хэргийг нийгмийн хор аюул, шинж чанараар нь ангилахын зэрэгцээ хууль зүйн үр дагаварыг ангилалаас хамааран ялгамжтайгаар тогтоох, эрүүгийн хариуцлагыг оновчтой тодорхойлох ач холбогдолтой төдийгүй хууль зүйн техникийн хувьд ерөнхий ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхэд чухал ач холбогдолтой тул гэмт хэргийг “хөнгөн”, “хүнд” гэсэн хоёр ангилалтай байхаар тусгасан.

 -       Хуулийг хэлэлцэх шатанд уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлж байсан боловч батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгаа нь хуулийн үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилттой нийцэхгүй байх тул зарим төрлийн нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахгүй байх, үүнтэй холбогдуулан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх бололцоог бүрдүүлэх зорилгоор нийтэд тусгай ажил хийх ялыг оногдуулах боломж нөхцөлийг нэмэгдүүлсэн зохицуулалтыг тусгасан. 

 -       Хорих ялын доод хэмжээг 7 хоног байхаар тогтоосон нь өргөн уудам нутагтай, хүн ам тархай суурьшсан, хорих байгууллагын сүлжээ, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй манай орны нөхцөлд хэрэгжих боломжгүй төдийгүй, уг ялыг хэрэгжүүлэхийн тулд бодит хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй их хэмжээний зардал гарахаар байгааг үндэслэн хорих ялын доод хэмжээг дахин оновчтой тодорхойлж, ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж хорих ялын доод хугацааг 6 сар болгож өөрчлөн бусад төрлийн ялыг уялдуулан өөрчилсөн.

 -       Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлд тэнсэх албадлагын арга хэмжээг ял оногдуулахгүйгээр хэрэглэхээр тусгасантай уялдуулан зарим төрлийн онцгой үед /2 хүртэл насны ганц бие эцэг, эх, насанд хүрээгүй хүн гэх мэт/ ял оногдуулж, оногдуулсан ялыг гүйцэтгэхийг хойшлуулах тухай зохицуулалтыг нэмж, энэ тохиолдолд өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэдэг байхаар тусгалаа.

 -       Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц /238 албан хаагч/, хяналтын систем/9,5 сая ам.доллар/, Монгол Улсын байр зүйн зураг /1000:1 нарийвчлалаар/-г улсын нууцаас гаргаж тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг шинээр байгуулахад шаардлагтай төсвийн асуудал өдийг хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй  буюу тодорхой хугацаа шаардлагатай байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах шаардлага үүсч байна.

 -       Эдийн засгийн гэмт хэрэг, Авлигын гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хэт сул, практикт түгээмэд үйлдэгддэг гэмт үйлдлийг хамарч чадаагүй, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн зохицуулалт ойлгомжгүй байгааг залруулж ялын бодлогыг чангатгаж, зохиогч, патентийн эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнчлэн мал хулгайлах, дээрэмдэх, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх зэрэг зарим гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын бодлогыг бусад гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын бодлоготой уялдуулсан.

 -       Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнийг нягтлан үзэж доорх өөрчөлтүүдийг оруулахаар тусгалаа. Үүнд:

 1/Эрүүгийн хуулийн 22.1, болон 22.2 дахь зүйлүүдэд заасан гэмт хэргийн объектив тал буюу үйлдэл, үйлдлийн арга, хэлбэр нь ижил байхад гэмт хэргийн субъект буюу албан тушаалтан “албан тушаалын байдлаа” эсхүл “эрх нөлөөгөө” ашигласанаас хамааран тус тусад нь зүйлчилсэн байгааг оновчтой бус гэж үзэж дээрх 2 зүйлийг нэгтгэж, ингэхдээ аль аль бүрэлдэхүүний бүхий л шинжийг хэвээр хадгалан, хууль зүйн техникийн шинжтэй засвар хийж, эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлсэн.

 2/Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь цөөнгүй тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, тэдгээрийн ашиг сонирхлын тулд үйлдэгддэг гэмт хэрэг болохыг хүлээн зөвшөөрч авлигын эсрэг авах арга хэмжээний талаар Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод нийцүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмсэн.

 3/Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг тодорхойлохдоо зарим хэсгүүдэд “албан үүрэг”, “албаны чиг үүрэг” гэж өөр өөрөөр тодорхойлсныг тухайн зүйл, хэсгүүдийн утга санаанд нийцүүлэн нэг мөр хэрэглэхээр болгон өөрчилсөн.

 4/Эрүүгийн хуулийн 22.8 дахь хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чухал ач холбогдолтой заалт болсон боловч зөвхөн “эд хөрөнгө” худалдаж авахдаа зах зээлийн дунджаас дээгүүр үнээр авсан нь гэмт хэрэгт тооцогдон бусад “ажил”, “үйлчилгээ” нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарахгүй байгаа нь цаг үеээсээ хоцорсон хийдэлтэй зохицуулалт байна гэж үзсэн.

 Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нэр томьёог хэрэглэж, “эд хөрөнгө” гэснийг “бараа, ажил, үйлчилгээ” гэж өөрчилсөн.

 5/Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь чухал ач холбогдолтой болохыг улс орны, улс төр, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудал, хүндрэл, гарч буй зарим дутагдлаас харагдаж байна.

 Ялангуяа улсын төсвөөс гадуурх Хөгжлийн банк, бондын зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд гарч буй нийтлэг зөрчил дутагдалтай тэмцэх эрүүгийн бодлогыг чангатган зохицуулах шаардлага үүссэн.

 Гэтэл Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг тодорхойлохдоо зөвхөн “зориулалтын бусаар зарцуулсан”-аар буюу уг гэмт хэргийг үйлдэх нэг арга, хэлбэрийг хуульчлан тогтоосон нь энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг бусад арга, хэлбэрийг хуулиас гадуур орхисон байна. Иймд уг зүйлийн зохицуулалтыг 22.8 дугаар зүйлийн зохицуулалттай уялдуулан уг гэмт хэргийг үйлддэг түгээмэл аргуудыг тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүн болгон өөрчилсөн. 

 -       Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг цоо шинээр томьёолжээ. Тухайлбал, уг зүйлийн 1 дэх хэсэгт: “татварын эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон” татварыг төлөхөөс зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Уг зүйлээр татварын улсын байцаагч нэгэнт эцэслэн тогтоосон “татварын өр, төлбөр”-ийг төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан нь учир дутагдалтай бөгөөд тийм үйлдлийг гэмт хэрэгт тооцох ямар ч үндэслэл байхгүй юм.

Харин дээрх зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар татвараа бага төлөх зорилгоор аливаа хүн, хуулийн этгээд борлуулсан бараа, ажил, үйлчилгээгээ нуун далдлах, үйл тайлагнах, үнийг бууруулан мэдээлэх зэргээр татвар ногдуулбал зохих орлогоо татварын байгууллагаас нуун далдлах нь гэмт үйлдэл буюу нийгэмд аюултай  үйлдэл тул дээрх зүйлийн 2 дахь хэсгийг хэвээр үлдээх 1 дэх хэсгийг хассан. 

-       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/, 10.4 /Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх/, 11.3 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.4 /Хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох/, 13.6 /Хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.7 /Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 14.1 /Ялгаварлан гадуурхах/, 15.3 /Хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.6 /Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдлын вирус халдаах/, 14.3 /Залилах/, 18.3 /Татвар төлөхөөс зугтаах, зайлсхийх/, 18.8/Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, алилжаанд оролцох/, 18.9 /Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах/, 24.9 /Байгалийн тэнцэл алдагдуулах/, 22.2 /Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах/ -д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг илүү ойлгомжтой болгох, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зохих өөрчлөлтийг оруулсан.  

 -       Тухайлбал, Эрүүгийн хуулийн 18.8 дугаар зүйл /Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, алилжаанд оролцох/, 18.9 дүгээр зүйл /Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах/-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөв зүйтэй тодорхойлсон боловч гэмт хэрэгт тооцохын тулд “хохирол” шаардсан нь ойлгомжгүй болжээ.

 Учир нь дээр дурдсан үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоох боломж бараг үгүй байдаг. Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг ашиглах үйлдлийн гол аюул нь үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа шударга явагдана гэдэгт итгэх итгэлийг эвдэх явдал юм. Иймд мөнгөөр үнэлэгдэх эд хөрөнгийн хохирол учруулсан байхыг шаардсан нь илүүц буюу шаардсан ч практикт хэрэгжүүлэх, учруулсан хохирлыг тогтооход хүндрэл учирахаар байх тул дээрхи зүйл, хэсгийг хохирол шаардахааргүй “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй” болгон өөрчлөн найрууллаа.   

 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 



[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулгын, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна