/ / ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ: ОРОН НУТАГТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ: ОРОН НУТАГТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан юм. Энэ үеэр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдийг 2018 онд ажил үйлсээрээ манлайлж, үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр дэд байрт шалгарсан Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Т.Ганзоригтой ярилцлаа.

-Зүүн бүсийн хамгийн том аймаг Дорнодод гэмт хэргийн гаралт харьцангуй их байдаг. Ийм нөхцөлд ажил үйлсээрээ тэргүүлэх түвшинд ажилласан туршлагаасаа хуваалцана уу?

-Манай аймаг байршлын хувьд их онцлогтой. БНХАУ, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хиллэн оршдог, замын хүмүүс худалдаа арилжааны чиглэлээр дайран өнгөрөх байдал их, уул уурхай, газрын тос гээд ашигт малтмал, байгалийн баялаг ихтэй, мал нь таваарлаг, зах зээлд маш хурдан борлогддог өндөр ашиг шимтэй, түүх соёлын үнэт өв соёл, дурсгалт газрууд олонтой, аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг юм. Сүүлийн жилүүдэд гадаадын иргэд түр болон удаан хугацаагаар ажил хэргийн шугамаар ажиллаж амьдрах болсон, аялал жуулчлалын хөл хөдөлгөөн ихсэж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй их байна. Архины хамааралтай иргэдийн тоо ч бас өндөр, гэмт хэргийн гаралтаараа улсын хэмжээнд анхаарал татдаг цөөн аймгуудын нэг юм.

Дээрх шалтгааныг судалж үзээд цагдаагийн газраас голчлон анхаарах ажлуудаа тодорхойлж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хэд хэдэн зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна. Юуны түрүүнд цагдаа олон нийтийн ойлголцол хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Иргэддээ чиглэсэн л бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн гэмт хэрэг үйлдэгдэж, хэн нэгэн хохирч бас хэн нэгэн нь холбогдож байхаас илүү гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэн гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлье гэж эрмэлзэж хамт олноо зохион байгуулж ажиллалаа. Алба хаагчаа чадавхжуулах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх бодлого барьж, дотооддоо сэтгэл зүйн болон соён гэгээрүүлэх ажлыг тодорхой үе шаттай зохион байгууллаа. Архидалтыг цэгцлэх, согтуугаар үйлдэгдээд байгаа гэмт хэргийг бууруулах, малын хулгай, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр бодлого боловсруулж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Өнгөрөгч оны 12 дугаар сард дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн Дэд хөтөлбөрийг цагдаагийн газраас санаачлан боловсруулж Аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Дорнодын Цагдаагийн газар яг ямар амжилт үзүүлэлтээр дэд байрт шалгарсан бэ?

- Миний хувьд их сайхан ард түмний дунд, сайн ажиллаж яваа мундаг хамт олныг хүлээж авсан. Хамт олон маань 2018 онд амжилт бүтээлээр өмнөх жилүүдээс хэд дахин илүү сэтгэл дүүрэн амжилт гаргаж чадлаа. Тухайлбал: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ”Хөдөлмөрийн тэргүүний удирдах алба хаагч”-аар, мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Амартайван Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны “Шилдэг мөрдөгч”-өөр, Дотоодын цэргийн тусгай салааны харуулын дарга, ахмад Н.Эрдэнэ Дотоодын цэргийн штабын “Шилдэг-Алба хаагч”-аар, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны “Санхүү бүртгэлийн аварга ажилтан”-аар, Уран зохицуулагч улсын тэмцээнд замын цагдаагийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Одхүү Тэргүүн байр эзэлж “Уран зохицуулагч”-аар тус тус шалгарч, оны ажлаараа цагдаагийн дэд хурандаа А.Алтанцоож даргатай Мөрдөн байцаах тасаг улсын хэмжээнд 1 дүгээр байр эзэлж “Тэргүүний тасаг хамт олон”-оор шалгарсан юм. Дорнод аймаг дахь цагдаагийн газар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдийг манлайлж, 2018 оны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр 84,3 оноо авч, Дэд байр /хоёрдугаар/-т шалгарлаа. Энэ бол бидний ажлын амжилт, нэг ёсны үнэлгээ үр дүн юм даа

-Танай байгууллагын тайланд зарим төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй харагдаж байсан. Энэ талаар тодруулна уу?

-Манай аймгийн хувьд гэмт хэргийн гаралт өмнөх оноос бага зэрэг өссөн хэдий ч илрүүлэлт сайн байгаа. Би танд хэдэн тоо баримт хэлье. Аймгийн хэмжээнд 2018 онд 602 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20 хэрэг буюу гурван хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 54 хувьтай, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн байгаа юм. Аймгийн хэмжээнд өнгөрөгч онд гэмт хэргийн илрүүлэлт улсын дунджаас 9,8 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь манай байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгааг илтгэх байх. Зарим төрлийн хэргүүд тодруулбал, бусдын биед гэмтэл учруулах болон эд зүйлийг дээрэмдэх, гудамж талбайд танхайрах төрлийн хэргүүдийн гаралт буурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн нь 45 хувиар, бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг 14 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм. Гэмт хэргийн улмаас 44 хүн нас барж, 219 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүний тоо 29 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 13 хувиар буурчээ. Цагдаагийн газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг Криминологи судалгааны багийн бүрэлдэхүүнийг шинэчилж, аймаг орон нутгийн эрүү хэв журмын нөхцөлд тохируулан зохион байгуулах ажил арга хэмжээний талаар тасаг албадад зөвлөмж тогтмол хүргүүлж ажиллалаа. Ингэснээр гэмт хэргийн нөхцөл байдал нь аль талдаа өсч байна, гаралт ямар түвшинд байгаа, хамрах хүрээ, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх хүчин зүйл нь юу байна гэдгийг 7-14 хоног, сар улирлаар харьцуулж үнэлж дүгнэн гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа төлөвлөгөө боловсруулж ажилласан нь үр дүнгээ өгсөн.

-Танай аймагт өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийлэл их байжээ. Галын шугаман дээр ажиллаж байгаа хүний хувьд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа шалтгааныг юу гэж хардаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд шалтгаан гэвэл эхнэр нөхрийн үл ойлголцол байна. Эдийн засгийн хараат байдал, хардалт, ах дүү хамаатан садны оролцоо байна. Эхнэр нөхөр хоёр сайхан амьдрах гээд байдаг, ах дүү хамаатан садан нь эхнэр чинь ийм, нөхөр чинь тийм гээд хооронд нь муудалцуулаад байдаг. Бусдын хөндлөнгийн нөлөөнөөс болж муудалцаж, зодолдоод гэр бүлийн хүчирхийлэл явагддаг тал бий. Нийт гэр бүлийн хүчирхийллийн 40 хувь нь архитай холбоотой байгаа. Хүн бүрт хаана ч явсан сэтгэлд нь хадаатай байдаг ганц зүйл бол гэр бүл үр хүүхэд. Цаг нартай уралдан ажил хөдөлмөр эрхэлж аав ээж, үр хүүхдэдээ цаг зав гаргаж чадахгүй завгүй мэт байдаг боловч угтаа бидний санаж сэтгэж хийж бүтээж байгаа бүхэн тэднийхээ төлөө байдаг. Айл бүхний хойморт хүүхдийн инээд цалгиж, эмэгтэй хүн бүхэн эр нөхрөө гэртээ айж түгшиж биш хайрлаж, баярлаж угтдаг байгаасай гэж би боддог.

-Орон нутагт малын хулгайн хэрэг их гардаг. Энэ төрлийн гэмт хэрэг дээр ямар арга барилаар ажилладаг вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 101 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 42 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт хэргийн 20 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн 44 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 37 хувь буюу урьд оноос 13 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байгаа. Гэвч манай аймгийн хувьд иргэдийн санаа зовоосон асуудал хэвээр байсаар байна.

Энэ байдалд цагдаагийн газрын даргын хувьд дүгнэлт хийж, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад санал тавьж, цагдаагийн газарт Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан хэсгийг шинээр байгуулан ажиллаж байна. Энэ бол бидний ажлын бас нэг үр дүн. Цагдаагийн газрын удирдлагаас өнгөрөгч онд Малын хулгайтай тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагуудад тухай бүр танилцуулан дэмжлэг авч, 2018-2020 хүртэл Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлууллаа. Мөн аймгийн бүх сумдын Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, малчин иргэдийн төлөөлөл, ХЗДХЯам, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн албаны чиглэл хариуцан мэргэжилтнүүдийг урьж, “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж ажилласан нь зохих үр дүнгээ өгч байна. Цаашид бас бодож төлөвлөсөн олон ажил бий. Сум бүрт хүрч, иргэдийнхээ итгэлийг олж ажиллахыг хичээж байна.

-Таны хувьд урьд нь Хэнтий, Сүхбаатар, Архангай аймгуудад томилогдон удирдах албан тушаал хашиж байсан юм билээ. Хорь гаруй жил цагдаагийн албанд ажиллахад шийдвэрлэхэд хэцүү хэрэг дээр ажиллаж байсан тохиолдол бишгүй байдаг болов уу?

-Улаанбаатар хотод Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа олон арван ээдрээ төвөгтэй, хүнд ноцтой хэргүүд дээр ажиллаж байлаа. Орон нутагт дийлэнх хэрэг нь хулгай байдаг учраас ажлынхаа ихэнх хувийг малын хулгайтай тэмцэхэд чиглүүлжээ. Мөн шийдэхэд төвөгтэй, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргүүд дээр их ажилласан.

Тэр бүрийг илрүүлэх, шийдвэрлэх, орон нутагт иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу ажлын хэсэг явж ажиллуулна. Жилийн 160-170 хоногт орон нутагт томилолтоор алба хаагч нараа ажиллуулж байж амжилтад хүрэх тохиолдол бий. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгт нэгдэж ажилласны үр дүнд удирдсан хамт олон, алба хаагч нар маань алдрын тавцанд олон удаа шалгарч байлаа.

-Цагдаа нар ямар нэг баяр ёслолын үеэр хамгийн завгүй, хариуцлагатай албыг хашиж, ард түмний амгалан тайван байдлыг сахиулж байдаг. Гэвч иргэдийн зүгээс үүнийг мэддэг ч ойлгодоггүй юм шиг ханддаг тал ажиглагддаг?

-Цагдаагийн ажилтны хуулиар хүлээсэн үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажил, ажиллагаа юм. Бид аливаа тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын үеэр иргэдийнхээ аюулгүй, амар тайван баярлах нөхцөлийг хангах үүднээс хамгаалалт, зохицуулалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажилладаг. Хүн болгон тэгш эрхтэй. Энэ нийгэмд бусдаас давуу эрх эдлэх гэсэн санаархал бүхий цөөн хүмүүс таардаг л даа. Тэр хүмүүст бидний ажил тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа учраас бухимдсан, ойлгохгүй байгаа байдал ажиглагддаг.

Түүнээс биш иргэд маань тэгш байдал, эмх журмыг хүсч эрмэлзэж байдаг. Мөн бидний ажилд хүндэтгэлтэй хандаж шаардлага биелүүлээд бусдынхаа эрхийг хүндэтгээд өөрийнхөө эрхийг төрийн цагдаагаараа хамгаалуулан хангуулж явдаг. Ер нь сүүлийн үед манай аймгийн хувьд цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа сайжирч байгаа шүү.

-Ажил үүрэгтээ үнэнч, өгсөн даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, хамт олны нэгдмэл байдалгүйгээр ажил урагшлахад бэрх. Таны ажилдаа баримталдаг зарчим, хамт олондоо мөрдүүлдэг дүрэм юү вэ?

-Мэдээж өрхийн тэргүүний хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг байна. Байгууллагын даргын хувьд хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг бий. Монгол Улсын иргэн хүний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг байна. Дорнодод ажиллаж байгаад шилжээд явсан залуучууд томилогдон очсон анги байгууллагадаа шилдэг нь болж чаддаг. Чадсан жишээ олон бий. Хамт олноо “Нэг гэр бүл” байхыг, ажлын газраа хоёр дахь гэр шигээ болгож ажиллахыг, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байхыг уриалж зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримталдаг. Цагдаагийн алба хаагчид бид ард түмний “Амар амгалан амьдралын төлөө” шөнийн нойр хоол, ар гэр, баяр цэнгэлээ умартан ажилладаг хүмүүс.

Бидний гэр бүлдээ зарцуулах цаг зав бага, төрийн ажлаас гадуур ажил үйлдвэрлэл эрхлэх нь хязгаарлалттай байдаг ажлын онцлогоос шалтгаалан цагдааг сонгосон бол цагдаа шиг байхыг шаарддаг. Манайхыг олон эрэгтэй хүүхэдтэй айлаар төсөөлж бодож болох юм. Сайн эцэг байхын тулд надаас шалтгаалах зүйл олон бий. Алдааг минь засч бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ололтыг цогцлоож яваа эрхэм журмын нөхөд, хамт олондоо баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Энэ оны ажлын төлөвлөгөө тань гарсан байх. Ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах бодолтой байна вэ?

-Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн байгууллагын үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд иргэддээ ойр, илүү нээлттэй ил тод байж тэдний санал хүсэлтийг шуурхай авч шийдвэрлэж ажиллах нь чухал байна. Мөн ЦЕГ-аас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд удирдлага зохион байгуулалтын шат дараалсан арга хэмжээг зөв, оновчтой зохион байгуулан, бие бүрэлдэхүүнээ амжилттай сайн удирдаж, үлгэрлэн манлайлж ажиллахыг зорьж байна.

УИХ-аас шинээр олон хууль тогтоомж батлагдан гарч, маш олон дүрэм журмууд дагаж мөрдөхөөр батлагдлаа. Эрх зүйн орчин бүхэлдээ өөрчлөгдөж бид тэр чинээгээр дадлагажиж, хуулийг зөв хэрэглэх үүрэгтэй болж байна. Хамгийн түрүүнд тэр шинэ эрх зүйн орчинд алба хаагчдаа бэлтгэж сургах нь чухал байна.

Гэмт хэрэг, зөрчил бол нийгмийн үзэгдэл учраас шууд хазаарлан боож үгүй болгоно гэж байхгүй. Хүний амьдрал байгаа газарт асуудал байх нь ойлгомжтой. Ийм учраас алба хаагчдадаа урам зориг өгөх, санал сэтгэгдлийг сонсох, шинээр батлагдаж хэрэгжиж эхлээд байгаа хуулиудыг иргэддээ сурталчлан, эрх зүйн үйлчилгээг шуурхай хүргэж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн хэмжээнд тэдний туслалцаа дэмжлэгт тулгуурлан амжилттай хэрэгжүүлж ажиллах болно.

 

Эх сурвалж “Ардчилал таймс” сонин  Сэтгүүлч Б.Наранчимэ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна