/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус Цагдаагийн газрын 2019 оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хурлын зааланд зохион байгуулагдаж, нийт бие бүрэлдэхүүн хамрагдан, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжын дагуу жагсаалын үзлэгээр эхэлж, алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгасан байна.

Зөвлөгөөнд Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Отгонбаатар Цагдаагийн газрын 2019 оны эхний хагас жилийн алба хаагчдын сахилга ёс зүй, харилцаа, хандлага, гаргаж буй алдаа дутагдлын талаар танилцуулсан бөгөөд тасаг албадын дарга нар тасгаас зохион байгуулсан онцлог арга хэмжээ, алба хаагчдын ажлын хариуцлагын талаар мэдээлэл хийж, алба хаагчдаас санал шүүмжлэл хэлэлцүүллээ.

Сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулж цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг алба хаагчдад хандан сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр 12 төрлийн “Зөвлөмж, ажлын чиглэл”-ийг өгч, бусаддаа үлгэр жишээ болон ажиллаж байгаа 10 алба хаагчийн “Сайн туршлага”-ыг нийт алба хаагчдад танилцуулж, 2019 оны 2 дугаар улиралд сахилгын зөрчил гаргасан алба хаагчдад “Албан мэдэгдэл”, бусдыгаа манлайлан ажиллаж,  зөрчил дутагдалгүй хамт олноор шалгарсан Шуурхай удирдлагын тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Чойбалсан хотын цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны дарга нарт “Талархал” гардуулан өгсөн байна.

            Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ “Ашиг сонирхлын зөрчил”, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Г.Мөнгөнтуул  эерэг хандлага сэтгэлгээ, харилцааны талаар “Харилцааны ёс зүй”, Аймгийн Тагнуулын газрын дарга “Төрийн болон албаны нууцыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах” чиглэлээр алба хаагчдад сургалт орсон байна. Мөн Аймгийн Прокурорын хяналтын прокурор Б.Батжаргал эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч буй алдаа дутагдлын талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний төгсгөлд зөрчилгүй тэргүүний манлайлагч хамт олон болох зорилгоор  “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, албандаа хандах хандлагаа өөрчилье” уриалгыг гаргаж, нийт алба хаагчид цаашид сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй, ажлын үр дүнг дээшлүүлэн ажиллах талаар санал нэгтэй гар өргөн баталсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна