/ / “ТЕЛЕХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ӨРГӨТГӨЛ ШИНЭТГЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ТЕЛЕХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ӨРГӨТГӨЛ ШИНЭТГЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/48 тоот тушаал “Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам”-ийн хэрэгжилтийг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, телехяналтын камерын тоо, чанарыг нэмэгдүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах зорилгоор “Телехяналтын системийн өнөөгийн нөхцөл байдал, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэтгэл” хэлэлцүүлгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдөр Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Одчулуун, Аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын 11 багийн засаг дарга нар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, “Стандарт хэмжил зүйн газар”, “Чойбалсан хөгжил” ОНӨҮТҮГ болон үйлдвэр үйлчилгээ явуулдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл зэрэг 70 гаруй холбогдох мэргэжилтэн оролцсон юм.
Хэлэлцүүлгээр аймгийн хэмжээнд ашиглагдаж буй дүрс бичлэгийн техник, хэрэгсэл, түүний арчлалт хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, телехяналтын камерын тусламжтай илрүүлсэн гэмт хэргийн тоон мэдээлэл, харанхуй эмзэг цэгийг хяналтад авах талаарх судалгаа, “Дорнод аймгийн телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам”-ийг шинээр боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдийн телехяналтын камерын хэсэгчилсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулан, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд шаардлага хангасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг суурилуулах, камерын чанарыг дээшлүүлэхэд анхаарах, телехяналтын камерын чиглэлээр Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгож байх талаар хэлэлцэж, “Дорнод аймгийн телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам”-ийн холбогдох зүйл заалт болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар гаргасан 8 байгууллагын санал хүсэлтийг хүлээн авч, ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна