/ Ил тод байдал / Авлигын эсрэг үйл ажиллагаа / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “АВЛИГААС АНГИД, САЙН ЗАСАГЛАЛЫН САЙН САНААЧИЛГА" ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “АВЛИГААС АНГИД, САЙН ЗАСАГЛАЛЫН САЙН САНААЧИЛГА" ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг уламжлал ёсоор зохион байгуулсан билээ. Уг уралдааны дүнг Авлигын эсрэг олон улсын өдрөөр олон нийтэд танилцуулж, шагналыг гардуулав.
Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр тэргүүтэй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэнэ гэдгийг дан ганц айлгах, цочирдуулах утгаар хүлээж авах нь өрөөсгөл юм. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, гэмт үйлдлийг таслан зогсоох нь зөвхөн нэг л талын ажил. Авлигаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд тэгш шударгаар хүргэж байгаа арга туршлагыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон авч үзэх нь зүйтэй.
Манай нийгэмд авлигын үндэс суурь, хор уршиг дорвитой арилаагүй боловч төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгож, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газар уламжлал болгон зохион байгуулж байгаа нь нийгмийн энэ сөрөг үзэгдлийн хүрээг хумихад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дуурайл болгох зорилготой уг уралдааныг тусгай хороо тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалтыг хийж, нийт 7 байгууллага, 2 албан тушаалтныг тодруулав. “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга” уралдааны 2014 оны шалгаруулалтаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан Б.Бат-Эрдэнэ, Ж.Шаравнямбуу, “IRIM” судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан Н.Баярцэцэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус тус тодорлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна