/ / ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ТАНИЛЦУУЛГА

  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн талаар

           Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.

          Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй буюу энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд[1] ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй, харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. 

             Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, хариуцлагыг ялгамжтай оногдуулах тогтолцоог бүрдүүлж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаардлагад тулгуурласан, Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулах  алхам хийгдсэн зэрэг нь дэвшилттэй боловч дараахь ойлгомжгүй асуудлууд үүсч байна. Үүнд:

 - Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ зарим харилцан адилгүй зөрчлийн шинжүүдийг нэгтгэн нэг зүйл, хэсэгт томьёолсон нь хууль хэрэгжүүлэгч субъектүүдийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн;

 - Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан нь тухайн үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн аль нь болохыг шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож, хууль ёсны зарчмыг гажуудуулж байна;

 Иймд уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

 Хуулийн төслийн үзэл баримтлал болон дээр дурдсан алдаа, дутагдлыг арилгах зорилгоор боловсруулсан Зөрчлийн тухай хуульд оруулах өөрчлөлтөөр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-т заасны дагуу хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулсан.  

 Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ, Зөрчлийн тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалтыг дараахь байдлаар тусгасан. Үүнд:

 1.Хуульд заасан зарим хоёрдмол утга бүхий ойлгомжгүй нэр томьёо, найруулгыг залруулсан.

 Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 1.1-д уг хуулийн зорилгыг тодорхойлохдоо “...хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох...” гэж заасан ба тусгай ангид заасан зүйлийн гарчгийг “хууль зөрчих” гэж томьёолсон нь дээр дурьдсан зорилтод заасан “захиргааны хэм хэмжээний актыг” орхигдуулсан гэх ойлгомжгүй байдал үүсэхээр байх тул  “хууль зөрчих” гэж “хууль, тэдгээр хуулиар эрх олгосны дагуу гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнийг ойлгоно.” гэх тайлбарыг нэмсэн. 

 Түүнчлэн хуулийн 1.2-т “Зөрчил, түүний шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” гэж заасан нь “зөрчлийг зөвхөн энэ хуулиар тодорхойлох, харин түүний шинжийг бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох” гэсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй байгааг анхаарч “зөрчил, түүнд оногдуулах шийтгэл”-ийг зөвхөн энэ хуулиар тодорхойлох талаар тусган хоёрдмол утгыг залруулсан.  

 Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн ойлгомжгүй нэр томьёо, найруулгыг засаж сайжруулсан. Жишээлбэл, хуулийн 7.2 дугаар зүйлийн гарчигийг “Нийтийн журам зөрчих” гэж тодорхойлсон хэдий ч уг зүйлд зөвхөн “орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдуулах” үйлдэл хамаарахаар заасан нь учир дутагдалтай юм. Учир нь “public order” буюу, үгчлэн орчуулбал “нийтийн журам”-нь зөвхөн “орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал”-аар хязгаарлагдахгүй бөгөөд “нийтийн журам” зөрчих зөрчилд “нийгэм, түүний харилцаанд оролцогч нарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгодог тул уг зүйлийг өөрчлөн найруулсан.

 2.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай зохицуулалтыг тусгасан нь зүйтэй боловч, уг зүйлийн зохицуулалтаар зөрчил үйлдэж, шийтгүүлсэн этгээдэд ч хэрэглэгдэхээр буюу торгууль төлсөн тохиолдолд төлсөн торгуулийг буцаан олгохоор ойлгогдож байх тул “шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол” хуулийг буцаан хэрэглэхгүй байх тодорхой зохицуулалтыг тусгасан.

 3.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулна.” гэж заасан нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлээр  тогтоосон дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтнуудын халдашгүй, дархан байдалд харшлахаар байх тул зохих өөрчлөлтийг оруулсан.

 4.Аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэрэгсэхгүй болгосон тохиолдолд эрүүгийн хэргийн шалган шийдвэрлэх журмын улмаас багагүй хэмжээний, зарим тохиолдолд жилээр тоологдох хугацаа шаардагддаг. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болох тохиолдол олон гардаг тул зөрчилд оногдуулах шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцүүлэх зорилгоор хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тухайн хүн, хуулийн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолох тухай зохицуулалтыг нэмж тусгасан.

 5.Зөрчил үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд холбогдох нөлөөллийн арга хэмжээг илүү үр дүнтэй болгох зорилгоор Зөрчил үйлдсэн 16-18 насны хүний хувийн байдал, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох тухай зохицуулалтыг нэмсэн.

 6.Хүн, хуулийн этгээд бүрд хууль тэгш, шударгаар үйлчлэх, хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй байх талаар  тодорхой тусгасан.

 Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан нь шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой юм. Гэвч Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаар хуулийн этгээдийг ашиглан, түүгээр дамжуулан зөрчил үйлдсэн хувь хүнийг шийтгэлээс чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээр зогсохгүй зөрчил үйлдсэн хүн хариуцлагаас зайлсхийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 7.Зөрчлийн тухай хуулиар эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэл хэлбэрээр оногдуулахаар заасан боловч уг шийтгэлийг хэрхэн оногдуулах, оногдуулахдаа ямар зарчмыг баримтлах нь тодорхойгүй байх тул уг хийдлийг арилгах зорилгоор зөвхөн тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг тогтмол, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулах тухай зохицуулалтыг нэмж тусгасан.

 8.Зөрчлийн тухай хуульд хуулийн зорилгыг “...үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, ...шийтгэл оногдуулах, ...” гэж тодорхойлсон хэдий ч “шийтгэлийг ямар зорилгоор оногдуулах, хууль хэрэгжүүлэгч шийтгэлийг оногдуулахдаа ямар зорилго, зарчмыг удиртгал болгон шийтгэх нь тодорхой байх шаардлагатай тул хуульд шийтгэлийн зорилгыг тодорхой тусгасан.

 9.Төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа үйлдсэн зөрчилд зөрчлийн бус төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу сахилгын арга хэмжээ авах зарчмыг хэвээр хадгалан, тодотгож зөрчил үйлдсэн төрийн албан хаагчид албан чиг үүрэгтэйгээ холбогдсон зөрчил үйлдсэн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах, бусад үед зөрчил үйлдсэн бол энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулах тухай зохицуулалтыг тодорхой тусгасан.

       10.Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төрийн байгууллагад ч албадлагын арга хэмжээ хэрэглэх, шийтгэл оногдуулах боломжийг бүрдүүлсэн төдийгүй хариуцлагаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулсан бол хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх тул  төрийн байгууллагад шийтгэл оногдуулахгүй байх, гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг хуулийн этгээдийн нэгэн адил авч үзэж хариуцлага хүлээлгэх тухай болон хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд шийтгэлийг хэрхэн хүлээлгэх журмыг нэмсэн.

 11.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд нийтийн хэв журмыг сахиулах, жолоочийн гаргасан зөрчлийг бэхжүүлэх зорилгоор дүрс бичлэгийн автомат төхөөрөмжүүдийг олноор ашиглан торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлэх журмыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч уг харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлээгүй нь олон төрлийн маргаантай асуудлыг дагуулдаг.

 Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн автомат төхөөрөмжийн тусламжтай бэхжүүлсэн зөрчилд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл эзэмшигч – жолоочид шийтгэл оногдуулах, хэрэв уг этгээд зөрчил гарах үед өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодоогүй нь тогтоогдсон тохиолдолд шийтгэлээс чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.

 12.Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тодорхойлж, албадлагын арга хэмжээний төрлийг нэмж, зөрчил үйлдсэн этгээд зөрчлийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой байлгах зорилгоор зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

 Учир нь Зөрчлийн хуульд “зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах” зохицуулалтыг тусгасан ч, “зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж юуг ойлгох талаархи зохицуулалт байхгүй бол үүнийг хэрэгжүүлэхэд дур зоргоор тайлбарлаж, хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 13.Шийтгэлийн хэмжээг практикт хэрэгжихүйц байлгах зорилгоор зарим зөрчлийн шийтгэлийн хэмжээг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуульд заасан шийтгэл, албадлагын арга хэмжээтэй уялдуулан өөрчилсөн.

 Түүнчлэн, зөрчлийн шинж чанар, давтамж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн зөрчлийг судлан үзсэний үндсэн дээр зөрчил үйлдэгч этгээдийн санхүү, хөрөнгийн чадавхи, зөрчлийн хор уршиг, зөрчлийг шалган шийдвэрлэх субъект зэрэгтэй уялдуулан зөрчилд оногдуулах торгох шийтгэлийг хэмжээг илүү уян хатан, практикт хэрэгжихүйц болгон өөрчилсөн.

 Тухайлбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигчид оногдуулах торгуулийн хэмжээ нь хэт өндөр байгаа тухай багагүй шүүмжлэл иргэд, олон нийтээс ирж байна. Учир нь орчин үед иргэд тээврийн хэрэгсэл эзэмших, замын хөдөлгөөнд оролцох нь нэгэнт тансаг хэрэглээ биш болж амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах, орлого олох, амьжиргаагаа залгуулах чухал ач холбогдолтой хэрэгсэл болсон.

 Ийм үед замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, зам харилцаа төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр бөгөөд тийнхүү зөрчил гаргасан тохиолдол бүрд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /240 мянган төгрөг/ эсхүл түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна.

 Үүнийг иргэдийн дундаж цалин буюу Үндэсний статистикийн хорооны 2016 оны 9 сарын мэдээллээр 888 мянган төгрөг, үүнээс 500 – 700 мянган төгрөг буюу түүнээс бага цалинтай иргэдийн тоо 36 орчим хувь байгаатай харьцуулахад иргэдийн эрх зүйн боловсрол төдийлөн өндөр бус, хуулийн сургалт, сурталчилгаа идэвхитэй хийгддэггүй манай улсын хувьд иргэд ажилдаа ирэх, очих үедээ гаргасан зөвхөн нэг зөрчилд нэр сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлөх нь хэт өндөр байна гэж үзлээ.  

 Түүнчлэн хэт өндөр торгуультай байгаа нь зөрчил гаргасан иргэдийн зүгээс  торгууль төлөхгүй, шийтгэл гарцаагүй байх зарчмыг алдагдуулж, авилга, хээл хахуулийг өөгшүүлэх, төр “шийтгэл” нэрээр төсөв бүрдүүлдэг гэх хандлагыг дэвэргэж байна.

 Иймд торгох шийтгэл оногдуулах нэгжийг тодорхойлох хэмжээг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгож, шийтгэл гарцаагүй байх, хэлбэрэлтгүй байх зарчмыг хангахаар тооцлоо. Ийнхүү торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг бууруулснаар торгуулийн хэмжээг нийтэд нь багасгаагүй бөгөөд үүнтэй уялдуулан зөрчлүүдэд оногдуулах торгох шийтгэлийн нэгжийн тоог өсгөсөн /20 нэгжтэй тэнцэх байсныг 40 болгож нэмсэн г.м./ болно.

 14.Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад заасан гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн давхардсан шинжийг арилгаж, тусгай ангид өөр өөр төрлийн зөрчлийн шинжийг нэгтгэн бичсэнийг салгаж тус тусад нь зөрчил болгон ойлгомжтой байдлаар томьёолсон.

 Жишээлбэл, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд заасан “цэрэг татлагаас зайлсхийх” буюу зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх замаар цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийх зөрчил нь Эрүүгийн хуулийн 28.6 дугаар зүйлд заасан “биедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй давхардсаныг залруулсан.

 Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасан /Улсын нисэхийн тухай, Иргэний нисэхийн тухай хууль зөрчих/ зөрчлийг тодорхойлохдоо хоёр өөр хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн нэг зөрчил болгон тусгасан нь уг зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалалыг тогтооход хүндрэл учруулахаас гадна, аюулын шинж чанар, хор уршгаараа харилцан адилгүй зөрчлүүдийг нэг дор нэгтгэснийг салгаж, өөрчлөн найруулсан.

 Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох тухай, Барилгын тухай, Эрүүл ахуйн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Тариалангийн тухай, Соёлын тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан.

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР



[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулгын, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна