/ / САНАЛ АСУУЛГА

САНАЛ АСУУЛГА

Төсөл

ДОРНОД АЙМГИЙН ТЕЛЕХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ

ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭДЭЭЛЛИЙГ

АШИГЛАХ ЖУРАМ

 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1.Энэхүү журмын зорилго нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй телехяналтын камеруудыг нэгдсэн төлөвлөлт, системтэй болгох, хяналт, хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, хамгаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 1.2.Дорнод аймгийн телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.

 1.3.Улсын болон орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийн санхүүжилтээр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын чиглэлээр хийгдэх телехяналтын системийг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авах, нэгдсэн сүлжээ, системд холбох, мэдээлэл ашиглах, засвар үйлчилгээг тогтмолжуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

ХОЁР.ТЕЛЕХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМИЙГ ТӨЛӨВЛӨХ

2.1. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ нь  нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын чиглэлээр Улсын болон орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ирэх оны телехяналтын камерын төсөл, хөтөлбөрийн төлөвлөгөөг тухайн оны гуравдугаар улиралд багтаан нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

 2.2.Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж амжаагүй болон шинээр зайлшгүй хийгдэх шаардлагатай телехяналтын камерын төсөл, хөтөлбөрүүдийг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ болон Цагдаагийн газрын телехяналтын асуудал хариуцсан нэгж / Шуурхай удирдлагын тасаг/-тэй хамтран тухайн оны гуравдугаар улиралд багтаан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, ирэх оны төлөвлөгөөнд тусгуулах саналыг хүргүүлж, ажиллана.

 2.3.Телехяналтын камерын системийн төлөвлөгөөг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахад дараах үе шаттай явагдана.

 2.3.1 “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ нь ирэх онд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын чиглэлээр телехяналтын камер суурилуулах хэрэгцээ шаардлагын саналыг тухайн оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараах байгууллагуудаас авна:

 2.3.1.1.Олон нийтийн болон барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ашиглах телехяналтын камерын хэрэгцээ шаардлагын саналыг Цагдаагийн газраас;

2.3.1.2.Нийтлэг үйлчилгээний чиглэлээр Хэрлэн сумын Захирагчийн ажлын албанаас;

2.3.1.3.Авто замын хяналтын чиглэлээр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон Авто тээврийн төвөөс;

2.3.2. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ нь ирэх оны камерын хэрэгцээ шаардлагын дагуу дараах мэргэжлийн байгууллагуудтай хамтран техникийн тодорхойлолт, технологийн шийдэл, зураг төслийг тухайн оны 3 дугаар улиралд багтаан боловсруулсан байна.

2.3.2.1.Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв;

2.3.2.2.Цагдаагийн газар,

2.3.3.Телехяналтын камерын хяналтын цэгийг төлөвлөхдөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар баталсан "Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам"-ын хүрээнд суурилуулсан аж ахуйн нэгж байгууллагын гадна орчны телехяналтын камерын хяналтын цэгтэй давхцахгүйгээр зохион байгуулна.

 2.4.Телехяналтын камерын системийг төлөвлөхдөө орчны гэрэлтүүлэг, цахилгаан, шилэн кабел болон дэд бүтцийг давхар шийдвэрлэнэ.

 2.5.Төлөвлөж буй телехяналтын камерын систем нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, стандартад нийцсэн байх ба тусгай зориулалтын камерын техникийн тодорхойлолтод олон улсын стандартыг мөрдлөг болгон ашиглаж болно.

 ГУРАВ. ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВИХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ

 3.1.Батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд төслийн захиалагч байгууллага нь энэ журмын 2.3.2-т заасан техникийн тодорхойлолт, шийдэл, зураг төслийн дагуу гүйцэтгэх,  хүлээн авах ажиллагааг зохион байгуулна.

 3.2.Гүйцэтгэгч байгууллага нь хэрэгжүүлж буй телехяналтын төсөл хөтөлбөрийг гүйцэтгэхдээ мэргэжлийн байгууллагын гаргасан техникийн тодорхойлолт, шийдэл, ажлын зурагтай танилцаж хэрэгжүүлэх.

 3.3.Захиалагч батлагдсан техникийн тодорхойлолт, шийдэл, ажлын зураг, төсвийн хүрээнд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг тухай бүр арилгуулна.

 3.4.Хяналтын цэг, телехяналтын камер, дагалдах тоног төхөөрөмжүүдэд өгөх дугаар, нэгдсэн систем, сүлжээнд холбогдох хаяг /IP address/-ийг Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг олгоно.

 ДӨРӨВ. АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ

4.1.Телехяналтын камерын системийн төслийг дараахь үе шаттай хүлээн авна.

 4.1.1.Гүйцэтгэгч тал нь телехяналтын камерын системийг ашиглалтад хүлээлгэж өгөхдөө төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрмжийн бүртгэл, ажлын зураг, тоног төхөөрөмжийн бүртгэлийн дугаар, холбогдох баримт бичиг, гарын авлагыг Захиалагч талд хүлээлгэн өгнө.

4.1.2. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ болон Цагдаагийн газар нь тухайн системийг ашиглах мэргэжлийн албадтай хамтарсан техникийн комисс байгуулж, энэ журмын 2.3.2-т заасан техникийн тодорхойлолт, шийдэл, ажлын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, гаргасан дүгнэлтийг үндэслэн Захиалагч байгууллага хүлээн авна.

4.1.3.Энэ журмын 4.1.2-т заасан дүгнэлтэд техникийн тодорхойлолт, шийдэл, ажлын зургийн дагуу хийгдсэн талаар тусгана.

4.1.4.Байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд тухайн системийг ашиглах байгууллага, мэргэжлийн албадын төлөөллийг оруулна.

-   Цагдаагийн газар,

-     Аймгийн Орон нутгийн өмчийн газар,

-   “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ,

-     “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ны Дорнод салбар

 4.1.5.Байнгын ашиглалтад оруулах комисс 4.1.3-т заасан дүгнэлтийг харгалзан шийдвэр гаргана.

4.1.6.Аймгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын 3.2.3, 3.2.4-т заасныг үндэслэн телехяналтын системийн төслийн хүрээнд тавигдсан техник, тоног төхөөрөмжийн эзэмшигчийг тодорхойлж хүлээн авна.

 4.2.Энэ журмын 4.1.2, 4.1.4-т заасан комиссын дүгнэлтээр хүлээн авсан телехяналтын камерын төслийг Цагдаагийн байгууллагын телехяналтын камерын нэгдсэн сүлжээнд тус газрын телехяналтын асуудал хариуцсан нэгж холбоно.

 4.3.Энэ журмын 4.1.2-т заасныг хангаагүй телехяналтын камерын системийг хүлээн авахыг хориглоно.

 4.4.Энэ журмын 2.3.2-т заасан техникийн тодорхойлолт, технологийн шийдэл, зургийн шаардлага хангаагүйгээс үүсэх эдийн засгийн болон бусад үр дагаварыг гүйцэтгэгч тал хариуцна.

 4.5.Аймгийн хэмжээний гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж, байгууллагын камеруудыг стандартын шаардлага хангасан тохиолдолд Цагдаагийн байгууллагын телехяналтын камерын нэгдсэн сүлжээнд тус газрын телехяналтын асуудал хариуцсан нэгж холбож болно.

 4.6.Орон сууц, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан стандартын шаардлага хангасан хяналтын камеруудыг Цагдаагийн байгууллагын телехяналтын камерын нэгдсэн сүлжээнд тус газрын телехяналтын асуудал хариуцсан нэгж холбож болно.

ТАВ. АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГАА БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН  БАЙГУУЛЛАГУУДЫН ТЕЛЕХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛАХАД

 БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ҮҮРЭГ

5.1.Аймгийн нэгдсэн телехяналтын камерын системийг төлөвлөх, ашиглах, зохион байгуулах ажлыг Цагдаагийн газар хариуцан ажиллана.

 5.2.Аймгийн нутгийн захиргааны байгууллагууд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйл 65.2.71, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.102, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр  зүйл 11.1.63 -д зааснаар болон гадна орчны аюулгүй байдлыг хангаж, телехяналтын камер суурилуулна.

 5.3.Энэ журмын 5.1-д заасан камерыг суурилуулахдаа МNS 6423:2019 стандарт, цагдаагийн байгууллагын телехяналтын камерын нэгдсэн сүлжээнд холбохдоо Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар баталсан "Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам"-ыг  баримтална.

 5.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан цагдаагийн байгууллагын саналыг Цагдаагийн газрын телехяналтын асуудал хариуцсан нэгжээс авна.

 5.5.Энэхүү журмын 5.2-т заасныг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Цагдаагийн газрын телехяналтын асуудал хариуцсан нэгж хяналт тавина.

 5.6. Улс, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн хяналтын камерууд нь стандартын шаардлага хангасан тохиолдолд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.53—д заасны дагууЦагдаагийн газрын телехяналтын нэгдсэн системд холбоно.

 5.7. Гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын камерын систем, тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг өмчлөгч байгууллага бүрэн хариуцана.

ЗУРГАА. ТЕЛЕХЯНАЛТЫН КАМЕРЫН НЭГДСЭН СИСТЕМ,

ДҮРС БИЧЛЭГИЙН САНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 6.1.Телехяналтын камерын нэгдсэн систем нь телехяналтын камерын бие даасан системүүдийг мэдээллийн аюулгүй байдлыг хангасан сүлжээнд нэгтгэн зохион байгуулж, удирдлага зохицуулалт хийх боломжийг бүрдүүлнэ.

 6.2.Телехяналтын дүрст мэдээллийг ашиглагч байгууллагын дүрс бичлэг хадгалах төхөөрөмжид, шаардлагатай тохиолдолд мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан байгууламжид нөөц сан үүсгэн хадгалж болно.

  ДОЛОО. ТЕЛЕХЯНАЛТЫН КАМЕРЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, СОЛИЛЦОХ

7.1 Телехяналтын камерын нэгдсэн хяналт “Телехяналтын нэгдсэн төв” дээр байна.

 7.2 “Телехяналтын нэгдсэн төв” гэдэг нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын телехяналтын камер, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар гудамж, зам талбай, харанхуй эмзэг цэгт суурилуулагдсан телехяналтын камерыг нэгтгэсэн нэгдсэн хяналтын цэгийг хэлнэ;

 7.3 “Телехяналтын нэгдсэн төв” нь Цагдаагийн газрын байранд аюулгүй байдлыг хангасан тусгай хамгаалалт бүхий  тусгаарлагдсан өрөөнд байрлана.

 7.4 Телехяналтын системийн нэгдсэн төв болон түүний тоног төхөөрөмж байрласан серверийн өрөө нь Монгол Улсын стандарт MNS:6423 2019-д нийцсэн байх шаардлагатай.

 7.5.Телехяналтын камерын нэгдсэн системд дараах байгууллагууд холбогдож, хэрэгцээндээ үндэслэн ашиглах эрхтэй:

 7.4.1 Цагдаагийн газар;

7.4.2 Тагнуулын газар;

7.4.3 Онцгой байдлын газар;

7.4.4 БОЭТөв;

7.4.5 Бусад холбогдох байгууллага:

 7.6.Энэ журмын 7.5-д заасан байгууллага хооронд дүрст мэдээлэл солилцох гэрээ байгуулж хэрэгжүүлнэ. Гэрээнд системд хандах эрх бүхий ажилтны мэдээлэл, эрхийн зохицуулалт, нууцлал, аюулгүй байдлын талаар тусгана.

 7.7.Энэ журмын 7.5-т зааснаас бусад байгууллага телехяналтын камерын нэгдсэн системээс мэдээлэл авах тохиолдолд эзэмшигч байгууллагад албан бичгээр хүсэлтээ өгнө.

           НАЙМ. ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, АРЧИЛГАА

8.1.Гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын камерын чиглэлээр арчилгаа, техникийн үзлэг үйлчилгээний төлөвлөгөө, зардлыг Аймгийн төсөвт тулгуурлан тооцож, өмчлөгч байгууллага нь урсгал зардалдаа суулгуулж, ашиглалт, үйлчилгээ хариуцах аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж гэрээ  байгуулан ажиллана.

 8.2. Гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын камеруудыг холбосон шилэн кабелын засвар үйлчилгээний зардлыг тухайн өмчлөгч байгууллага нь урсгал зардалдаа суулгуулж, ашиглалт, үйлчилгээг бүрэн хариуцан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна.

8.3. Гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын камерын чиглэлээр засвар үйлчилгээг үзүүлэхдээ энэхүү журмын 4.1 дэх заалтыг хангаж ажиллана.

 8.4.Энэ журмын 8.1-т заасны дагуу гэрээ байгуулахдаа “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ, Цагдаагийн газрын телехяналтын асуудал хариуцсан нэгжийн санал, техникийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэлийг улирал бүр тооцох талаар зохицуулалтыг тусгана.

 8.5.Телехяналтын камер, дагалдах тоног төхөөрөмж нь үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа нь дууссан тохиолдолд техникийн дүгнэлтэд үндэслэн ашиглалтаас хасах, шинэчлэх саналыг Аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлнэ.

  ЕС.ХОРИГЛОХ ЗҮЙЛ, ХАРИУЦЛАГА

9.1 Телехяналтын камерын нэгдсэн системд нэвтрэх, ашиглахдаа Төрийн болон албаны нууцийн тухай хууль, Хувь хүний нууцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, байгууллага, хувь хүний нууцийг чанд сахиж, задруулахыг хориглоно.

 9.2.Энэхүү журмын 9.1-д заасныг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

_o0o_

 

  • Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйл 65.2.71- өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техникийн нөхцөл боломжоор хангах;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.102-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх.
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.53- барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.64 -Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна