/ / ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аян улсын хэмжээнд өнөөдөр буюу 6 сарын 30-ны өдрөөс эхлэн зохион явагдаж эхэллээ.
Тус Цагдаагийн газраас “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ”аяны нээлтийн үйл ажиллагааг Баянтүмэн сумын замын хяналтын цэг дээр зохион явуулж, урилгаар Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Одчулуун, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нар оролцож, иргэд олон нийтэд хандаж, орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аянд нэгдэхийг уриалсан байна.
Арга хэмжээний хүрээнд жолооны курст суралцаж буй иргэдийн дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээр асуулт хариулт, АХА тэмцээн зохион явуулан, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ морин хуурын аялгуу, ая дууны мэндчилгээгээр хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаасан юм.
Энэхүү аян нь 06 дугаар сарны 30-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжлэн явагдах юм.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлсэн, хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах зэрэг шалтгаануудаас үүдэн гардаг тул ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцоно уу. Бусдыгаа хүндлэх нь соёл юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна